СОЁЛЫН ТӨВ
1926 оноос Өлзийт уулын Хошуунд ард олны дунд соёл урлаг, уран сайхны үйл ажиллагаа явуулах зорилгоор улаан гэр байгуулж байжээ. Улмаар 1946 оноос Сумын төв Гуулинд улаан булантай болж соёл олон нийтийн үйл ажиллагаа улам өргөн далайцтай явагдах болсон байна. 1959 онд Сумын төв “Сангийн далай”-д суурьшихад тэнд нэгдлийн хөрөнгөөр улаан булан (клубын) барилга баригдаж орон тооны эрхлэгч, нүүдлийн кино, номын сантай болсон байна. 1965 онд мөн нэгдлийн хөрөнгөөр 200 хүний суудалтай шинэ барилгыг Т.Дашдондог ахлагчтай барилгачид барьж ашиглалтад оруулснаар клубын стандартад нийцсэн соёлын төвтэй болсон байдаг. Энэ үед клубын эрхлэгчээр Хужирт сумын уугуул Д.Туйлаа, дараа нь Г.Очирбат, Д.Баянмөнх, номын санчаар Ц.Бямба, Д.Магадсамба, кино механикчаар Ц.Дорж, Сундуйжав, Лхагва, Х.Дашжамц, Ш.Пүрэв нар ажиллаж байжээ. 1976 онд сумын төв нүүн одоо байгаа газарт суурьшихад 1979 онд улсын хөрөнгө оруулалтаар 200 хүний суудалтай орчин үеийн хийц загвартай, уурын халаалт, агаар солилцуулах системтэй шинэ соёлын төв ашиглалтад орсон байна. Энэ үед эрхлэгчээр Д.Батмөнх (1969-1984), Д.Банзар, С.Дандар, Н.Мөнхсайхан, Ж.Эрдэнэбаатар, Л.Батсайхан, Намхайнямбуу, Д.Эрдэнэ-Очир, номын санчаар Д.Магадсамба, Ц.Чимгээ, Я.Марусяа, Чулуунцэцэг, кино механикчаар Ш.Пүрэв, цэвэрлэгчээр С.Сугар, Н.Дулмаа, М.Дэнсмаа, Л.Отгон нар ажиллаж байжээ. Соёлын төв нь 2007 онд их засварт орж тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэгээ шинэчлэн 200 хүний суудалтай их бага танхимтай болж орон тоо бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж эрхлэгч, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, нярав-үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор сумын ард иргэдийн дунд олон талт соёл урлагийн үйл ажиллагаа явуулж байсан. Тус Соёлын төвийн эрхлэгчээр 2007-2015 он хүртэл Д.Эрдэнэ-Очир. 2006 оноос одоог хүртэл Д.Хорлоо. Номын санчаар 2007-2016 он хүртэл Д.Хорлоо, 2016-2019 он хүртэл А.Нэргүй, 2020 оноос д.Мягмарсүрэн, хөгжмийн багшаар Э.Мэнд-Амар, Ж.Эрдэнэбаатар, Э.Мэндбаяр, Э.Ган-Эрдэнэ, С.Шинэхүү, 2020 оноос А.Цэцгээ. Бүжгийн багшаар С.Цэрэнханд, Л.Цэнд, Б.Дашзэвэг. нярав-үйлчлэгчээр Б.Оюун, И.Эрдэнэчимэг нар ажиллаж байсан.